“Кэйрпэй” аппликейшний хэрэглэгчид тавигдах шаардлага:
- 18 насанд хүрсэн байх.
- Монгол улсын иргэн байх.
- Чанаргүй болон хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй байх.
- Аль нэг банканд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернэт банкны үйлчилгээ ашигладаг байх.
- Ухаалаг гар утастай байх.
“Кэйрпэй” үйлчилгээний талаар Таны мэдэх ёстой мэдээлэл:
№ | Түвшин | Эхний төлөлт | Хугацаа | Дээд хязгаар | Хугацаа хэтэрсэн тохиолдолд |
---|---|---|---|---|---|
1 | Найдвар:4 хувааж төлөх |
25% | 2 долоо хоногийн зайтайгаар 6 долоо хоногт | 200,000 төгрөг | Хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд үндсэн төлбөрийн 4% нийт төлбөр дээр нэмэгдэнэ! |
2 | Халамж:4 хувааж төлөх |
25% | 2 долоо хоногийн зайтайгаар 6 долоо хоногт | 500,000 төгрөг | |
3 | Итгэл:4 хувааж төлөх |
25% | 2 долоо хоногийн зайтайгаар 6 долоо хоногт | 1,000,000 төгрөг | Хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд үндсэн төлбөрийн 3% нийт төлбөр дээр нэмэгдэнэ! |
4 | Хайр:4 хувааж төлөх |
25% | 2 долоо хоногийн зайтайгаар 6 долоо хоногт | 2,500,000 төгрөг | |
5 | Найз:4 хувааж төлөх |
50% | 2 долоо хоногийн зайтайгаар 6 долоо хоногт | 2,500,000 төгрөг | Хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд үндсэн төлбөрийн 2% нийт төлбөр дээр нэмэгдэнэ! |
6 | Гэр бүл:6 хувааж төлөх |
25% | 2 долоо хоногийн зайтайгаар 10 долоо хоногт | 10,000,000 төгрөг |
- Үйлчилгээний хэрэглэгч болсноор худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу заавал төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
- Үйлчилгээ нь ямар нэгэн хүү бодогдохгүй, шимтгэл болон төлбөргүй үйлчилгээ бөгөөд зөвхөн төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд:
- 500,000 төгрөг хүртэлх үйлчилгээнд нийт төлбөрийн 4 хувийн торгууль, алданги нэмэгдэж бодогдоно.
- 500,000-2,500,000 төгрөг хүртэлх үйлчилгээнд нийт төлбөрийн 3 хувийн торгууль, алданги нэмэгдэж бодогдоно.
- 2,500,000-10,000,000 төгрөг хүртэлх үйлчилгээнд нийт төлбөрийн 2 хувийн торгууль, алданги нэмэгдэж бодогдоно.
Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үйлчилгээний эрхийг тухайн төлөлтийг хийх хүртэл түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
Мөн төлбөр төлөлтийг 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд манайхтай харилцагч байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийг түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр үйлчилгээ авах боломжтой болно.
Эхний төлөлт буюу нийт төлбөрийн 25% хийснээр тухайн байгууллагын үйлчилгээг авах боломжтой.
Шинэ хэрэглэгч эхний нэг удаагийн төлбөрийг бүтэн төлж дуусгасны дараа үйлчилгээг бүрэн эрхийн хэмжээнд ашиглах боломжтой болно.
ЭНЭХҮҮ “КЭЙРПЭЙ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ “КЭЙРПЭЙ” ХХК (ЦААШИД “БИД”, “КОМПАНИ” ГЭХ) БОЛОН ИРГЭН (ЦААШИД “ТА”, “ХЭРЭГЛЭГЧ” ГЭХ) НАРЫН ХООРОНД БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ CAREPAY ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН (ЦААШИД “ПЛАТФОРМ” ГЭХ)-ЭЭР ДАМЖУУЛАН ХУВААРИЙН ДАГУУ ХУВААН ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ КОМПАНИАС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААНД БАРИМТЛАХ БӨГӨӨД КОМПАНИАС ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ УЛМААР ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХУВААН ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХИЙГ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХЭЛЦЭЛ БОЛНО.
ИЙМД ТА ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД “БҮРЭН ТАНИЛЦСАН БӨГӨӨД ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ГЭСЭН ТОВЧИЙГ ДАРНА УУ. ХЭРЭВ ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “БУЦАХ” ТОВЧИЙГ ДАРЖ СИСТЕМЭЭС ГАРНА УУ.
Хэрэглэгч Үйлчилгээг авахын тулд Компанийн зүгээс тавьсан шаардлагыг хангаж, бүрдүүлэх баримт бичгийг бүрэн гаргаж, үйлчилгээний эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шаардлага хангаагүй, баримт бичиг бүрэн бус, гаргаж өгсөн мэдээлэл нь зөрүүтэй, худал зэрэг нь үйлчилгээ үзүүлэх, бүртгэл нээхээс татгалзах үндэслэл болно.
Үйлчилгээний эрсдэл:
- Бид таны өгсөн бүртгэлийн мэдээлэл, цаашид хийгдэх төлбөрийн түүхэд үндэслэж үйлчилгээний эрхийн хэмжээг тогтоох бөгөөд энэ нь Таныг аливаа өрийн дарамтад оруулахгүй гэх баталгаа болохгүй.
- Та банк, банк бус санхүүгийн байгууллага, аливаа бусад этгээдээс авсан эргэн төлөлт хийх үүрэг хүлээсэн зээлийн үйлчилгээний хэрэглээгээ тооцоолж, худалдан авалтыг хийх үүрэг хүлээнэ.
- Бид Таны Үйлчилгээний эрх болон төлбөрийн түүхийг зээлийн мэдээллийн санд илгээх үүрэг хүлээхгүй тул зээл олгож буй байгууллагаас таны эргэн төлөлт хийх санхүүгийн чадварт үнэлгээ хийхэд зөрүү үүсэж, цаашлаад Та авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлт нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхаарна уу.
Нэг. Нэр томьёоны тайлбар
- “Үйлчилгээ” гэж хэрэглэгч Компанийн гэрээт Мерчантын худалдаалж буй бараа, үйлчилгээний төлбөрийг аливаа хүү, шимтгэлгүйгээр тогтоосон хугацаанд хуваан төлөхийг.
- “Мерчант” гэж өөрийн худалдаалж буй бараа, үйлчилгээг хэрэглэгчид Үйлчилгээгээр дамжуулан худалдахаар Компанитай гэрээ байгуулсан хүн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг.
- “Бараа, үйлчилгээ” гэж хэрэглэгч Мерчантаас худалдан авч өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэх боломжтой Монгол улсын чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, Монгол улсын хууль тогтоомжоор аливаа хязгаарлалт, хориглолтод ороогүй бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг.
- “Үйлчилгээний эрх” гэж тухайн хэрэглэгчийн бараа, үйлчилгээний худалдан авалтад зориулж үүсгэсэн, худалдан авалтын төлбөрийг амжилттай төлсний дараа дахин ашиглах боломжтой, төгрөгөөр илэрхийлэгдэх үнийн дүнгийн хэмжээ заасан худалдан авалт хийх боломжит эрхийг.
- “Тусгай нөхцөл” гэж тухайлсан Үйлчилгээг авахаас өмнө Та уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, хангасан байх шаардлагатай, Платформд байршуулсан нөхцөлийг ойлгох ба Тусгай нөхцөл болон Үйлчилгээний нөхцөл зөрчилдөх тохиолдолд Тусгай нөхцөлийг баримтална.
Хоёр. Үйлчилгээний нийтлэг нөхцөлүүд
- Бид хэрэглэгчээс Үйлчилгээ авахтай холбогдуулан гаргаж өгсөн түүний хувийн болон санхүүгийн мэдээлэлд тулгуурлан тухайлсан хэрэглэгчид 10,000,000 (арван сая) төгрөг хүртэлх бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хуваан төлөх Үйлчилгээний эрхийг олгоно.
- Бид Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхийг дангаар эдлэх бөгөөд уг өөрчлөлтийн талаар таны бүртгүүлсэн цахим шуудан болон Платформоор дамжуулан хэрэглэгч нарт мэдэгдэнэ. Мэдэгдэлд Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг мөрдөж эхлэх хугацаа болон үндсэн агуулгыг дурдана. Та мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Үйлчилгээний нөхцөлд оруулж буй өөрчлөлтийг зөвшөөрөхгүй тохиолдолд энэ талаараа Бидэнд и-мэйлээр мэдэгдэж Үйлчилгээг цуцлах боломжтой.
- Үйлчилгээгээр дамжуулан Таны худалдан авсан бараа, үйлчилгээний чанар, стандарт, доголдлыг тухайн бараа, үйлчилгээг Танд худалдаж буй Мерчант хариуцах тул бараа, үйлчилгээний доголдолтой холбоотой асуудлаар тухайн Мерчанттай холбогдоно уу.
- Үйлчилгээг ашиглан хийсэн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг тухайн худалдан авалт хийсэн Мерчант олгох бөгөөд тухайн Мерчант нь НӨАТ-ын баримтыг холбогдох гэрээнд заасны дагуу Компанид олгох зохицуулалттай тохиолдолд хэрэглэгчийн хийсэн худалдан авалтын төлбөр амжилттай төлөгдөж дууссаны дараа Компаниас хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээх болно.
- Хэрэглэгч эхний үйлчилгээний төлбөрийг амжилттай буюу хугацаа хэтрэлгүй төлж дууссанаар “Халамж” хэрэглэгч болох боломжтой.
- Хэрэглэгч 2 удаагийн худалдан авалтын төлбөрийг амжилттай буюу хугацаа хэтрэлгүй төлж дууссанаар “Итгэл” түвшний хэрэглэгч болох боломжтой.
- Хэрэглэгч 3 удаагийн худалдан авалтын төлбөрийг амжилттай буюу хугацаа хэтрэлгүй төлж дууссанаар “Хайр” түвшний хэрэглэгч болох боломжтой.
- Үйлчилгээний эрхтэй хэрэглэгч өөрийн үүссэн эрхээс илүү үнэлгээтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд гэр бүлийн гишүүдийг Кэйрпэй аппликэйшнд нэгтгэж “Гэр бүл” түвшинд хүрснээр Үйлчилгээний эрхээ нэмэгдүүлэх боломжтой.
- Үйлчилгээний эрхтэй хэрэглэгч өөрийн үүссэн эрхээс илүү үнэлгээтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд ойр дотны 1 найзаа Кэйрпэй аппликэйшнд нэгтгэж “Найз” түвшинд хүрснээр Үйлчилгээний эрхээ нэмэгдүүлэх боломжтой.
- “Найз“ болон “Гэр бүл” хэрэглэгчдэд хуваан төлөх илүү таатай сонголт, Үйлчилгээний эрх илүү өндөр дүнгээр нэмэгдэх зэрэг боломжууд нээгдэнэ.
- “Халамж” , “Итгэл” болон “Хайр” түвшний хэрэглэгч 2 худалдан авалт дараалан хугацаа хэтрүүлсэн эсхүл аль нэг худалдан авалтын төлбөрийг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд уг түвшний хэрэглэгчийн эрхээ алдана.
Гурав. Компани болон Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Компани дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан худалдан авалт хийх эрхийн хэмжээг тодорхойлох.
- Таны фейсбүүк, твиттер профайл найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Компаниас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Кэйрпэй” аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 3.1.5-д заасан зорилгоор “Кэйрпэй” аппликейшнийг хөгжүүлэгч “Битсофт” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
- Компани нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Кэйрпэй” аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
- Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.
- Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.
- Олон давтамжтай, өндөр дүнтэй мөнгөн гүйлгээ орж гарсан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг зогсоож, баталгаажуулахыг шаардах болон шалгах эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээлэл, хэрэглэгчийн оролцоогүйгээр буюу ямарваа нэгэн этгээдэд алдахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэрэгслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, нууцлах болон үйлчилгээний нөхцөлд заасан холбогдох хориглох, хаах, хязгаарлах заалтуудыг зөрчсөн тохиолдолд хэтэвчийг хаах эрхтэй.
- Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
- Хэрэглэгч нь “Кэйрпэй” аппликейшнийг дараах зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарлах буюу үйлчилгээг ашиглах эрхийг зогсоох, хаах, шалгах эрхтэй. Үүнд:
- Зүй бусаар эсхүл хууль бус зорилгоор ашигласан.
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан.
- Зориулалтын бусаар ашигласан.
- Бусдын хувийн мэдээллийг ашигласан.
- Гуравдагч талд өгч ашиглуулсан тохиолдолд;
- Хууран мэхлэх, худал мэдээлэлд ашигласан.
- Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараахад ашигласан.
- Зүй зохисгүй байдлаар, бусдад хохиролтойгоор ашигласан.
- Компани нь хэрэглэгч “Кэйрпэй” аппликейшнийг дээрх зорилгоор ашигласан эсэх талаар хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж, шийдвэрлүүлэх эрхтэй.
- Системд үүссэн доголдол, буруутай мэдээлэл ашиглах болон үүнтэй адилтган үзэх, өөр бусад шалтгаанаар хэрэглэгч болсон тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг хаах, зогсоох, шалгах, идэвхтэй худалдан авалт байгаа бол тухайн худалдан авалтын төлбөрийг нэн даруй хэрэглэгчээс шаардаж авах эрхтэй.
- Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан хориглох, хязгаарлах, зогсоох, хаах арга хэмжээ авагдсан шалгагдаж байгаа тохиолдолд дахин эрх үүсгэхгүй байх эрхтэй.
- Хэрэглэгч нь системийн хэвийн үйл ажиллагаанд халдах (хакердах) үйлдэл, оролдлого хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хаах, хязгаарлах эрхтэй.
- Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчиж магадгүй гэж үзсэн тохиолдолд үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан сануулалгүйгээр зогсоох, хаах, шалгах эрхтэй.
- Хэрэглэгч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
- Үйлчилгээ авагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Компаниас тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, хуваан төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.
- Иргэн та “Кэйрпэй” аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
- Хугацаа дуусгавар болсон бичиг баримтын мэдээлэл оруулахгүй байх.
- Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийн “3.2.2”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол Компани нь Таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах, эсхүл үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй.
- Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “3.2.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол Компани нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, Компанид учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
- Үйлчилгээ авагч нь тогтоосон үйлчилгээний эрхийн хүрээнд худалдан авалтаа хийх эрхтэй байна.
- Үйлчилгээ үзүүлэгч талын систем, программын талаар доголдол гарснаас худалдан авалт амжилтгүй болсон, төлбөр төлөлт саатсан зэргээс болж таны эрх зөрчигдвөл энэ талаар үйлчилгээ үзүүлэгч талд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
- Үйлчилгээ авагч нь “Кэйрпэй” аппликейшн-д нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
- Үйлчилгээ авагч нь “Кэйрпэй” аппликейшн-д нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг Компани хариуцахгүй болно.
- Үйлчилгээ авагчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа худалдан авалтыг эрх эзэмшигч буюу тухайн этгээд өөрөө хийж буйд тооцно.
- Үйлчилгээ авагч нь “Кэйрпэй” аппликейшн-д нэвтрэх нууц үгээ алдсан байж болзошгүй тохиолдолд яаралтай солих үүрэгтэй.
- Үйлчилгээ авагч нь гүйлгээ хийхдээ дансны дугаар, гүйлгээний утга, гүйлгээний дүнгээ зөв оруулах бөгөөд буруу оруулсны улмаас үүсэх зардал, хохирлыг өөрөө хүлээнэ.
- Үйлчилгээ авагч нь “Кэйрпэй” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
- Үйлчилгээ авагч нь “Кэйрпэй” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
- Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны орох эсхүл гарах ярианы эрх нь хаагдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
- Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны дугаар сүлжээнээс гарсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
- Банкны болон бусад гуравдагч этгээдийн систем, үйл ажиллагааны саатлын улмаас учирсан хохирол, зардлыг Компани хариуцахгүй.
- Үйлчилгээ авагч нь санаатайгаар “Кэйрпэй” аппликейшнд системийн доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна.
- Үйлчилгээ авагчийн алдаатай худалдан авалт хийсэн, үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй зэрэг үйлчилгээ авагчийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үр дагаврыг Компани хариуцахгүй.
- Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
- Үйлчилгээ авагч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд Компани хариуцахгүй болно.
Дөрөв. Төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлэх
- Хэрэглэгч Үйлчилгээг ашиглаж хийсэн худалдан авалт болон үйлчилгээний төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч Үйлчилгээний нөхцөлд заасан хэмжээгээр Хугацаа хэтрүүлсний торгууль төлнө.
- “Гэр бүл” болон “Найз” түвшний хэрэглэгчид хугацааны хэтрүүлсний хэтрүүлсний торгуулийг тэнцүү хэмжээгээр хуваан төлнө.
- Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Үйлчилгээний эрхийг тухайн төлөлтийг хийх хүртэл хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
- “Гэр бүл” болон “Найз” түвшний хэрэглэгчид төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд бүх гишүүдийн Үйлчилгээний эрхийг тухайн төлөлтийг хийх хүртэл хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
- Төлбөр төлөлтийг 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд манайхтай харилцагч байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийг түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр үйлчилгээ авах боломжтой болно.
- “Гэр бүл” болон “Найз” түвшний хэрэглэгчид төлбөр төлөлтийг 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд бүх гишүүдийн манайхтай харилцагч байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийг түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлт хийснээр үйлчилгээ авах боломжтой болно.
- Хэрэглэгч Үйлчилгээг ашиглаж хийсэн худалдан авалт болон үйлчилгээний хамгийн сүүлийн төлбөр төлөх хугацаанаас 2 долоо хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлбөр дээр нэмж Компанид төлнө.
- “Гэр бүл” болон “Найз” түвшний хэрэглэгчид Үйлчилгээг ашиглаж хийсэн худалдан авалт болон үйлчилгээний хамгийн сүүлийн төлбөр төлөх хугацаанаас 2 долоо хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги гишүүн бүрийн төлбөр дээр нэмэгдэнэ.
Тав. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал ба хэрэглэгчийн санал, хүсэлт
- Үйлчилгээнд бүртгүүлэх, Платформд нэвтрэх, Үйлчилгээ авах явцад Хэрэглэгч болон түүний хандалтын талаарх тодорхой мэдээлэл, бичиг баримтууд болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг Бид Нууцлалын бодлогын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
- Та Үйлчилгээг ашиглаж байгаа нь Бид Таны хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу ашиглахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нууцлалын бодлогыг эндээс уншина уу.
- Хэрэглэгч 80702407 дугаарын утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
Зургаа. Холбоос
- Платформд Мерчант эсхүл Компанитай хамтран ажиллагч гуравдагч этгээдийн вэбсайтын холбоосыг мэдээллийн эсхүл сурталчилгааны зорилгоор байрлуулж болох бөгөөд эдгээр вэбсайт нь бидний хяналтаас гадуур байх тул тэдгээр гуравдагч талын вэбсайт дээрх аливаа контентыг Бид хариуцахгүй, аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй.
Долоо. Үйлчилгээний оюуны өмчийн хамгаалалт
- Платформ дээрх контент /агуулга/ болон зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц зэрэг бүх төрлийн оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь Компани эсхүл тухайн оюуны өмчийн эрх эзэмшигчид хадгалагдана. Контент гэдэгт Платформ дээрх мэдээлэл, өгөгдөл, технологийн хэрэгсэл, код, хэв загвар, аппликейшн, санаа, ноу-хау, лого, бичвэр, дүрс, зураг, бичлэг, дизайн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдэл, шаардлага, сурталчилгааны материал болон тэдгээрт хэвлэгдсэн бүх төрлийн бичгийн болон мультимедиа материал зэрэг бүх контент хамаарна.
- Хэрэглэгч нь Контентыг биднээс урьдчилан олгосон бичгийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй бөгөөд мэдээ, материал эсхүл Контентыг зүй зохисгүйгээр ашиглах, Компани эсхүл түүний харьяа байгууллага, захирлууд болон ажилтнуудад аливаа хохирол учруулах санаа, зорилго агуулахгүй болно.
- Хэрэглэгч нь Компанитай өрсөлдөх зорилгоор Контентод аливаа хяналт тавих, ашиглах, хуулбарлах, худалдах, өөрчлөх эсхүл ашиглах үйлдэл гаргахгүй. Энэ Нөхцөлийн дагуу Платформыг ашиглахаас бусад тохиолдолд хэрэглэгч нь Контентод хамаарах аливаа төрлийн эрх эдлэхгүй. Зөвшөөрөлгүй ашигласан эсхүл хуулбарласан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
- Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.
Найм. Маргаан шийдвэрлэлт ба баримтлах хууль тогтоомж
- Үйлчилгээний нөхцөлд заасан харилцаанд Монгол улсын хуулийг баримталж, тайлбарлана. Үйлчилгээ, Платформ, түүний Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой Компани болон хэрэглэгчийн хооронд үүссэн аливаа маргаан, нэхэмжлэл, саналын зөрүүг зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Хэрэглэгч эсхүл Компани маргаантай асуудлаар эхлээд нөгөө талдаа и-мэйлээр болон бүртгэгдсэн мэдээллийн дагуу шуудангаар мэдэгдэл хүргүүлэх бөгөөд тус мэдэгдэлд маргааны үйл баримт, холбоо барих мэдээлэл, хаяг, нэр зэргийг дурдана.
- Компани хэрэглэгчийн гомдлыг info@carepay.mn хаягаар хүлээн авна.
- Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалтыг шүүхээс хүчингүйд тооцох буюу хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчсөн, хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тус заалтаас бусад Үйлчилгээний нөхцөлийн заалтууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.